Мэдээ, мэдээлэл Шатрын залуучуудын дэлхийн аварга өндөрлөв

Турк улсын Коциали хотноо залуучуудын дэлхийн аваргын сүүлийн өрөг өнөөдөр болж дүнгээ гаргалаа. Эрэгтэйчүүдийн ангилалд 116 шатарчин өрсөлдөж БНХАУ-ын Их мастер Ю Янгуй 11 оноогоор түрүүлж анх удаагаа залуучуудын дэлхийн аварга боллоо. Өнгөрсөн жилийн аварга Туркийн Их мастер Александр Ипатов 10,5 оноо, Энэтхэгийн их мастер Гужрати Видит Сантош 9,5 оноогоор мөнгө, хүрэл медалийн эзэд боллоо. Уг ангилалд өрсөлдсөн манай ФМ У.Насанжаргал 8 оноогоор 19 дүгээр байр эзэлж олон улсын мастер анхны баллаа биелүүлсэн бол, сурагчдын дэлхийн аварга, 10 настай ФДМ Э.Баасансүрэн 5 оноогоор 98 дугаар байр эзэллээ. Эмэгтэйчүүдийн ангилалд 77 шатарчин өрсөлдөж ОХУ-ын их мастер 15 настай Александра Горячкина 10,5 оноогоор анх удаагаа түрүүллээ. Тэрээр өмнө өсвөрийн дэлхийн аваргад гурван удаа түрүүлж байсан бол өнгөрсөн онд 14 настайдаа 17-18 насны ангилалд түрүүлсэн юм. Мөнгө, хүрэл медалийг Казахстаны олон улсын мастер 13 настай Абдумалик Жансая 9,5 оноогоор, ОХУ-ын их мастер Алина Кашлинская 9 оноогоор хүртлээ. Их мастер цолны хоёр дахь нормоо биелүүлсэн ОУМЭ А.Энхтуул 8 оноогоор 15 дугаарт байрт, сонирхогчдын дэлхийн аварга, ФМЭ Б.Ану 5,5 оноогоор 55 дугаар байрт шалгарлаа. Б.Ирээдүй